2006/05/04

Тэгшээгийн дөрвөн мөртүүд

Бум буман шүлгийн сувдан хэлхээнд уярч
Бууж мордохын завсар шүлгээ би тэрлэе
Аргамаг хүлгийн булгианд шүлгийн шад цуурч
Айргийн исгэлэн амтанд онгод орон чимчигнэнэ

, , ,

Сүүн үнэр шингэсэн энгэрийг түшин байж
Сархинаган тоонот гэртээ хоргодон байж
Он жилүүдийн нугачаанд ч үл хуучрах
Онож хэлсэн сургаалийг ээжээсээ би сонссон

, , ,

Сэтгэлийн минь цөнг түрж надад баяр бэлэглэн
Сэнхрэл ухаарлын хөтөч болон надад бүсгүй чи ирсэн
Буугаад нисчихдэг шувуухай бүү байгаасай
Буцалтгүй заяасан сэтгэл чи байгаасай

, , ,

Сэрүүхэн үдэш моддын дунд чамтай цуг
Сэрчигнэх чимээг чагнан чагнан алхахдаа
Сэтгэлийнхээ дотоод чанад дахь гунигаа үргээн
Сонихон тавилангаа хуучлахдаа чамдаа би уусна