2009/03/05

Миний майгахан Думаа (Р. Чойном)

Хүний жаалхан үр миний майгахан Думаа
Цастай талын савслаганд цангинаж үлдсэн инээд минь

Хөвгүүн бага л насны хөнгөн баяр гуниг минь
Хөдөөгийн хөх салхинд хөдсөнд боолттой өссөн
Дугарын охин Думаа минь

Дурлал гэдэг үгийг дуулсан дуулгасан хоёр
Дун цагаан сэтгэл минь
Энэ л насны минь хавраар ургасан эх л нутгийн яргуйхан минь
Амраг хайрыг минь шагнасан амьд одон минь

Монгол гэрт заяасан цэгцгүй шүлэг минь
Морин дэл дээр асаасан цөгцгүй зул минь
Он оны салхинд бөхөө болов уу яагаа бол
Онгон багын ир нь мөхөө болов уу яагаа бол

Аяа миний майгахан Думаа арванхан хэдэн насны минь
Алтанхан үеийн өглөөгүүр азаар учирсан амраг минь

Сэвэн дэвэх хөмсгөөрөө сэтгэлийн минь өрхийг татаж
Сэргэлэн хар нүдээрээ зүрхний минь галыг асааж
Шинэхэн залуу насны минь нээгдээ нь үгүй хаалгыг
Шивнэн хэлсэн үгээрээ нижигнэтэл балбасан хонгор минь

Ухаан бодлын минь хоймор ууган хайрын минь дэвжээ
Хүүхэн хүний өлмий хүрээ нь үгүй хивсэн дээр
Мөрөөн анхан гаргаж мөнхөд үлдээсэн тэр минь
Мөнгөн хонх шиг инээдээрээ хүүхэд нойрыг минь сэрээж
Халуун уруулаар тамгалсан хайрын зарлан дуудахыг
Хорвоогийн өмнөөс гардуулсан хорь хүрээгүй янагхан минь

Дуулим талын сарнай Дугарын охин Думаа минь
Дулаан хүйтний зааган дээр дуугарч ургасан цэцэг минь
Намар намрын салхинд гандаа болов уу яагаа бол
Надаас сайхны өвөр дээр ганхаа болов уу яагаа бол

Зүггүй багахан насны минь зүүд шиг тэртээ намар
Зүрхний халуун хайрын зөн шиг сайхан өдөр
Сумын бага сургуулийн сурагчид бүртгэх гэрт
Анхан зүсээн харалцсан алд хүрэхгүй охин

Санжаажамц гуайн хийцний сарьсан булигааран гуталтай
Саатай туушин сүлжсэн салаа годгор гэзэгтэй
Хөнхөр борхон духтай хөлс нь бурзайсан хамартай
Цоолчихсон юм шиг нүдтэй цоохор даавуун тэрлэгтэй

Ийм л нэгэн жаал ирж байсан нь илхэн
Ижий бидэн хоёрыг харж байсан нь тодхон
Нуруу гэвэл би хуруу өндөр байсан
Нутаг гэвэл бид хойд урд баг

Дөрвөн цагийн хичээл дөнгөж дуусах сацуу
Дөрөөн дээрээн өндийж гэр гэр өөдөөн давхина
Давхин давхисаар бид эмээл дээрээн өсөв
Дарвин дарвисаар бид эхний сургууль төгсөв

Эхний сургууль баяртай гэж хэлж амжаагүй байтал
Эхний дурлал сайн уу гэж хэн хэнийг маань цочоож
Майхан Дугарын гадаа халиун морийг минь чичрүүлэв
Майгахан Думаагийн дэргэд халуун биеийг бинь чичрүүлэв

Улайрч чинэрсэн царайтай уруугаан харсан нүдтэй
Уруул ам нь омголтсон урьд шөнө нойргүй хоёр
Нүдтэй бүхний нүдэн дээр нүцгэн юм шиг содон байвч
Нүгэл хийснээ нуух гэж дэв дэмий мэрийсээр байлаа

Ууган дурлалын дугарааг учир мэдэлгүй хүртэж
Оломгүй цэнгэлд ташууран орчлонг мартсан хоёр
Алаг толгойн бэлчээрт цэцэг дэлгэртэл инээж
Ар сайрын худаг дээр лус баярлатал хөхрөлдөж
Дүлий Нэрмаа хөгшнийд зул бөхтөл шуугилдаж
Дөмбөгөр бор гэрт нь үүр гийтэл шивнэлдэж

Тоотой хоногийн явдалдаа тоогүй хэцүү дассан юм
Хэтэрхий адгасан янагийн хэврэг гэдэг үнэн юм
Эрвээхэйн хоёр далавч шиг эрвэж дэрвэсэн хоёр
Эрээн бараан амьдралын эхний шалгалтанд унасан юм

Ай даа, үнэнч эсэхээн сорилцоод үг үгээн даасангүй
Эрх хүүхэд шиг тунилцаад эвлэрч буцаж чадсангүй

Болчимгүй бага насны минь бодлогогүй зөрүүд зан
Өрөөлөөн уйлуулах гэсэн нь өөрөөн уйлахад хүрлээ
Нэгэнт гомдсоноос хойш нэрэлхүү зан минь дийлж
Шазруун заримыг дуурайж шаралхан хоролхон явтал

Хотол олны амьдрал хоёр хүүхдийг хүлээсэнгүй
Хожмын зам тушаал хоёр хоёр тийш нь туув
Салахын ёсыг ч хийлгүй санаа алдан одов
Сайхан дурлалын цэцэг салхинд тасран хийсэв

Хүний амьдрал хэмээх хөлгүй их далайн
Хүйтэн халуун дээжийг хүртэж анх амссан
Усаар ховор талын минь уудам цэнхэр мандал
Одоор хомс нутгийн минь морь мал шиг чулуу

Буянт малаан дагасан будант багын онууд
Буурлын ерөөл сонссон боржгин найрын ёсон
Үеийн нөхөдтэй бужигнасан үлгэрийн орны жаргал
Сайдаж муудаж дассан сайхан сэтгэлт түмэн

Хөлгийн дөрөө дөрөөлсөн хөдөөгийн алтан дов
Хөөрхий Думааг гомдоосон хөх дэрстийн хаваржаа
Зуны шөнийн зүүд шиг зуурдхан цэнгэл минь баяртай
Зулын бяцхан гал шиг эмзэгхэн чи минь баяртай

Аяа миний майгахан Думаа арванхан хэдэн насны минь
Алтанхан үеийн өглөөгүүр азаар учирсан амраг минь

Нутгаас холдох тутам нууцхан гуниг хүндэрч
Хоног өнгөрөх бүрийд хонгор сэтгэл өнчирч
Хүний нутгийн замд санан санан явлаа даа
Хүйтэн халуун шөнүүдэд зүүдлэн зүүдлэн явлаа даа

Харь нутгийн хүүхний хайлсан алт шиг аашинд ч
Хангайн согоо шиг дуучны хангинах сайхан хоолойд ч
Умар зүгийн дагинын уйлан тачаах нулимсанд ч
Улсад цуутай бүсгүйн усан тэлмэн харцанд ч

Нутгийн жаахан Думаагаан эрээд эрээд олсонгүй
Нууцхан хэлдэг үгсийг нь чагнаад чагнаад дуулсангүй

Дуугарч ургадаг сарнай дуулим дэлхийд зөндөө ч
Дугарын охин Думаа ганцхан ширхэг юмсанж
Амрагийн дээд амраг алтан дэлхийд олон ч
Анхны халуун дурлал ахиж ирдэггүй юмсанжээ

Хөвүүн багын минь дурлал хөдөөгийн майгахан Думаа
Хөгжөөн ихтэй замбуулингийн хаахна зайд нь яваа бол
Монгол гэрт заяасан цэгцгүй шүлэг минь
Морин дэл дээр асаасан цөгцгүй зул минь

Он оны салхинд бөхөө болов уу яагаа бол
Онгон багын ир нь мөхөө болов уу яагаа бол
Томоогүйн нулимсаа дахиад гаргаа болов уу яагаа бол
Тохитой ханиан олоод жаргаа болов уу яагаа бол

Хотгор сайхан нуруу нь бөхийгөө болов уу яагаа бол
Хонгор сайхан царай нь бүрийгээ болов уу яагаа бол
Багын цовоо инээд нь барагдаа болов уу яагаа бол
Баахан нусгай жаалд дарагдаа болов уу яагаа бол

Амьдрал гэдэг хатуу амраг сэтгэл зөөлөн
Хорвоо гэдэг том хонгор Думаа жаахан даа
Гуниг амссан зүрхний гучин өвлийн зүүд минь
Миний майгахан Думаа хүний жаалхан үр минь