2006/07/18

Шансонет (Д.Нацагдорж)

Опел дугуйдаа мордъё доо
Роща цэцэрлэгтээ очъё доо
Олон хүнийг үзэж
Орчлонгийн сэтгэлийг сэргээе дээ
Туулын хөвөөн дээр зугаалъя даа
Тунгалаг усанд нь умбая даа
Долгио цалгиаг нь хаялуулж
Дуртай хүүхнээ сочооё доо
Завь онгоцонд сууя даа
Жаахан (жахаг) арал дээр гаръя даа
Залуу хүүхнийг сугадаж
Замурын цаагуур оръё доо
Бъюик тэргэнд сууя даа
Пикникийн газар очъё доо
Битүүлэг архийг задалж
Бяцхан хүүхнийг дайлъя даа
Наадаж цэнгэж дуулъя даа
Найрын дунд жаргая даа
Нарийн хөгжмийг дуугаргаж
Наагуур цаагуур нь бүжиглэе дээ
Хад ууланд авиръя даа
Хажуугийн модонд нуугдъя даа
Хайртай хүүхнээ аваачиж
Харганы сүүдэрт үнсье дээ