2006/07/18

Гуанзны хүүхэн (Д.Нацагдорж)

Орой болохын ч үе
Олон чийдэн асахын ч зэрэгцээ
Орос хоолны гуанзны
Онцгой тасалгаанд ормогц өмнөөс хэдэн хүүхэн
“Хүүе яадаг билээ
Та хаалгаа хаачихъя гэм
Хи хи хи” гэж инээлдэнэ
Хоёр гурван ч бүсгүй байна
Хотын залуу ч хүүхэн байна
Шилтэй пивийг зэрэглэж байна
Шилэн хундага гялалзаж байна
Бас нүдээ анилдуулан ирмэлдүүлэн аальгүйтнэ
“Хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ” гэсэнд
мөрөө хавчин, хүзүүгээ ганхуулан
“Айлгүй яахав, айлгүй яахав” гэж
бас дахин “Хи хи хи” инээлдэнэ
Орж суугаад нэгэнт ширвэн ажиглавал
“Хүн хоол идэж байхад
Хараад яасан хүн бэ” гэж
Мөн дахин “Хи хи хи” гэж инээлдэнэ
Хүрэн дурдан дээлийг нарийн бүсээр бүсэлж
Минжин малгай өмссөн
Хүрээний хөөрхөний тоонд ордог нэг хүүхэн
Хөдлөх бүр аальгүйтэх бөгөөд
Харах бүр: “Хи хи хи” гэж нүдээрээ инээнэ
Дараагаар “Чи тэгээд, би ингээд
Тавгаа цаашаа, шаазангаа нааш аа,
Наадах аа уучихъя
Цаадахаа хийчихье
Энэ хүнийг,
Тэр юмыг гэлцэн
Дээгүүрээ түлхэлцэн
Доогуураа нудралцан
Арван таван минутын зуур үргэлж:
“Хи хи хи хи хи” гэлцэн байхад
Басхүү “Хи хи” гэж аальгүйтэж годолзон сууна
Хэнийг хүлээж байгаа хэн мэднэ!

1934 он