2006/07/18

Өвчтөний ёолох дуу (Д.Нацагдорж)

Миний нэг нөхөр
Нас гуч илүү
Хуучин өвчинд нэрвэгдээд
Гэрийн мухарт хэвтэнэ
Огт танихгүй хүн болоод
Орон дээрээ дараастай
Ойр хавьд нь хүрмэгц
Ёолох дуу гиншилнэ
Чихнээ сонсоход зэвүүн
Сэтгэлд бодоход сэрчигнэмээр
Зүс царай нь шарлаад
Арьс мах нь хэлхэлджээ.
Толгой хүзүүг хөдөлгөн чадахгүй
Тод үгийг өгүүлэн чадахгүй
Уйтгарт орноо хэвтээд
Үхэх өдрийг хүлээнэ
Эм тангаар хоол хийж
Өвдөх чинэрэхээр зугаа болгоно
Өөрийн бие хайран болоод
Улсдаа бас хэрэггүй болжээ.
Энхрийлж явсангүйн харгай
Эртнээс сувилсангүйн хохь
Эрүүлийг хамгаалахад очсон бол
Ингэж юунд хэвтнэм билээ

1935 он