2006/11/14

Тэд махнаас бүтсэн (Терри Биссон)

- Тэд махнаас бүтсэн.
- Мах гэнэ ээ?
- Мах. Тэд махнаас бүтсэн.
- Мах уу?
- Ямар ч эргэлзээ байхгүй. Бид гаригийн өнцөг булан бүрээс хэд хэдийг туршуул хөлгүүд дээрээ авч ирж бүтэн үзлэг хийсэн. Тэд нар бүхлээрээ мах.
- Ийм юм байх боломжгүй. Радио дохионуудыг яахав? Одод руу илгээсэн мэдээнүүдийг?
- Тэд радио долгион ашиглаж ярьдаг, гэхдээ тэд радио дохио гаргадаггүй. Машинууд гаргадаг.
- Тэгвэл хэн тэр машинуудыг чинь бүтээсэн болж байна? Бид тэдэнтэй л холбоо барих хэрэгтэй.
- Машинуудыг тэд бүтээсэн. Энийг л хэлэх гээд байсан юм уг нь. Мах машиныг хийсэн.
- Ямар ч утгагүй юм. Мах яаж машин хийх болж байна? Чи намайг оюун ухаантай мах байдагт итгэ гэх гээгүй биз.
- Би танаас гуйгаагүй, танд хэлж байна. Энэ амьтад тэр хавьдаа бол ганц оюун ухаантай нь бөгөөд тэд махнаас бүтсэн.
- Орфолей шиг байж магадгүй шүү дээ. Яагаав, нүүрстөрөгч дээр суурилсан, махан үе шатыг дамждаг оюун ухаан.
- Үгүй. Тэд мах төрөөд мах үхдэг. Хугацаа нэг их ороогүй болохоор бид тэднийг хэд хэдэн үеийн туршид нь судалсан. Махны амьдрах хугацаа хэр урт гэж бодож байна?
- Хүлээж бай. Тэдний биеийн хагас нь мах байж болно шүү дээ. Веддилей шиг. Махан толгойтой боловч дотроо электрон плазм тархитай.
- Үгүй дээ. Веддилей шиг махан толгойтой болохоор нь мэдээж бид ч энэ боломжийг тооцож үзсэн. Гэхдээ танд хэлсэнчлэн бид тэднийг бүтэн үзлэгт оруулж шалгасан. Дотор гаднагүй бүгд мах.
- Тэгэхээр тархигүй гэсэн үг үү?
- За санаа зоволтгүй, тархи байгаа. Би юу хэлэх гээд байна гэхээр тархи нь махнаас бүтсэн!
- Тэгвэл ... юу нь бодож сэтгэдэг болж байна?
- Та нэг л ойлгохгүй байна аа даа. Та миний хэлж байгааг хүлээж авахаас татгалзаад байна. Тархи нь бодож сэтгэдэг. Мах.
- Сэтгэдэг мах? Чи намайг сэтгэдэг маханд итгэ гээд байна шүү дээ!
- Яг зөв, сэтгэдэг мах! Амьд мах! Хайрладаг мах. Мөрөөддөг мах. Бүх юм нь мах! Та бага ч атугай төсөөлөл авч эхэлж байна уу эсвэл би дахиад эхнээс нь эхлэх үү?
- Бурхан минь. Чи тоглоогүй байх нь. Тэд махнаас бүтсэн.
- Баярлалаа. Арай гэж нэг юм ойлгуулав бололтой. Тийм. Тэд махнаас бүтсэн. Тэгээд бас тэд бидэнтэй холбоо барих гэж тэднийхээр бол бараг зуугаад жил оролдож байгаа юм байна.
- Ээ бурхан минь. Тэгээд тэр мах одоо юу хүсч байгаа юм бол?
- Эхлээд тэр бидэнтэй ярилцахыг хүсч байгаа. Дараа нь мэдээж Ертөнцөөр аялах, бусад оюун ухаантнуудтай уулзах, санаа бодол мэдээлэл солилцохыг хүсэх биз. Байдаг л зүйл.
- Бид махтай ярилцах ёстой болох нь.
- Ай даа. Наадах чинь л тэдний радиогоор илгээсэн мэдээ шүү дээ. “Сайн байн уу. Хүн байна уу. Энд хүн байна уу.” Иймэрхүү юмнууд.
- Тэгэхээр тэд үнэхээр ярьдаг байх нь. Тэд үг, ойлголт, хийсвэрлэл хэрэглэдэг үү?
- Аахаан. Бүгдийг нь махаар хийдэг л болохоос биш.
- Чи түрүүнд тэд радио ашигладаг гэж хэлсэн биш бил үү.
- Тийм л дээ, гэхдээ радио дээр нь юу байдаг гэж бодож байна? Махны дуу. Махыг хооронд нь алгадах, эсвэл сэгсрэхэд дуу гардаг даа. Тэд махнуудаа хооронд нь алгадаж бие бие рүүгээ сэгсрэх замаар ярьдаг. Бүр махаараа агаар шахаж дуулдаг гээч.
- Бурхан минь. Дуулдаг мах. Арай хэтэрсэн юм болж байна. Тэгэхээр ер нь чи яая гэж бодож байна?
- Албан шугамаар уу албан бус шугамаар уу?
- Аль алинаар нь.
- Албан шугамаар бол бид ертөнцийн энэ хэсэг дэх бүх оюун ухаант амьтад, мульти-амьтадтай ямар ч ялгаварлал, айдасгүйгээр холбоо тогтоож, эелдгээр бүртгэж авах ёстой. Албан бус шугамаар бол би энэ тухай бүх бичлэгүүдийг арилгаад бүгдийг мартъя гэмээр байна.
- Чамайг ингэж хэлнэ гэж бараг мэдээд байсан юм аа.
- Энэ хатуу ч гэсэн ер нь юманд хязгаар байх хэрэгтэй. Бид үнэхээр махтай холбоо тогтоомоор байна гэж үү?
- Зуун хувь санал нийлж байна. Юу гэж хэлэх юм болж байна? “Сайн уу, мах аа. Сонин юу байна?” Гэхдээ ингэх боломжтой юу? Хэдэн гаригийн тухай яригдаж байгаа билээ?
- Ганц гариг. Тэд бусад гаригууд руу махны тусгай чингэлэгнүүд дотор зорчиж чадна, гэхдээ бусад гаригууд дээр очоод тэнд амьдарч чадахгүй. Мөн мах учраас тэд зөвхөн С огторгуй дотуур л зорчих боломжтой. Энэ нь тэднийг гэрлийн хурднй зааг дотор оруулах ба гадныхантай холбоо тогтоох боломжийг үлэмж багасгана. Үнэндээ бол хязгааргүй бага болгоно.
- Тэгэхээр бид Ертөнцөд хэн ч байхгүй юм шиг дүр үзүүлэд л байж байя.
- Тэгье.
- Харгис л юм. Гэвч чиний хэлснээр хэн махтай уулзахыг хүсэх вэ? Нөгөө манай хөлөгнүүд дээр байсан, та нарын шалгаж үздэг амьтдыг яах вэ? Тэд нар эргэж санахгүй юу?
- Тэд нар эргэж санавал нөгөөдүүл нь тэднийг солиотой гэж бодно. Бид тэдний толгой дотор нь ороод махыг нь жаахан индүүдчихсэн болохоор тэд биднийг зөвхөн зүүд гэж бодно.
- Маханд зүүд болно гэнэ ээ! Ямар хачин сонсогдож байн аа, махны зүүд болно гэдэг.
- Тэр хэсгийг бүхлээр нь эзэнгүй гээд тэмдэглэчихлээ.
- Сайн байна. Албан ба албан бус шугамаар зөвшөөрлөө. Хэрэг хаагдлаа. Өөр юу байна? Галактикийн тэр талд сонирхолтой зүйл алга уу?
- Байна, G445 бүсийн есдүгээр ангиллын нэг одон дотор ичимтгий боловч сайхан ааштай нэг устөрөгчийн цөм кластер байна. Галактикийн хоёр эргэлтийн өмнө бидэнтэй холбоотой байсан, одоо нөхөрсөг харилцаагаа дахиад саргээе гэж байна.
- Тэд байнга ингэж байдаг юм.
- Яагаад үгүй гэж? Орь ганцаараа байвал Ертөнц ямар тэвчих аргагүй ямар хүйтэн байх бол төсөөлөөд үз дээ ...