2006/07/18

Боржгины бор тал (Б.Лхагвасүрэн)

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь

Хуримын зар (Бавуугийн Лхагвасүрэн)

Гүүний сүүл хол дундуураа уруудсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг
Олны салхинаас сонслоо
Устай хавчигийг чинь тэгнэлцэж явсан
Худгийн асгарт хэллээ
Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа
Найран дээр нь очлоо
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ.
Энтээ уулын хярд азын цолмон өеөджээ.
Найрын гэрээс
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ
Эрхэлж унасан намрын мананг яран
“Эр бор харцага” сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсан тавья гэж бодсон юм
Ухаант ардын дуундаа хүлээтэй байгаад чадсангүй.

1976 он

Гарз (Р.Чойномын зүүдэнд орсон шүлэг)

Орчлонгийн тоос хєдєлгєж яваа
Олон аавын хvvхдэд
Єєр єєрийн хэрээр олз гарз хоёр
Єдєр шєнє шиг ээлжилж байдаг юм.

Алддаг юм гээдэг юм
Амаа барих байтугай тархиа балбаталаа
Хонхойж хотойтлоо алддаг л юм
Хожим нь овойж оцойтол олдог л юм.

Энэ юу ч биш
Эргэж нєхєгддєг гарз – гарз бишээ
Ээжийгээ vгvй болоход харин
Эргvvлж юугаар нєхєх юм бэ ?

Санаа зvvдэнд багтаагvй аюул
Салам ниргэх цагт
Анзаараагvй явсан тэр эх хvний
Аугаа ихийг та ойлгох болно.

Таны сэтгэл зvрхэн дотор
Тас харанхуй нvх онгойж
Тансаг жаргал аль єнгєтэй бvхэн
Талаар хоосон юм шиг санагдана.

Єчигдєрхєн болтол энэ хvнийг
Єнє мєнхєд байж л байх юм шиг
Хайхрах ч vгvй хvндлэх ч vгvй
Хар багаасаа одоо болтол зовоож

Зовохын эрхэнд хэлсэн vгийг нь
Зориуд тохуурхаж илvv vг хэллээ гэж
Инээж наадаж явсан байна.
Ижий гэдэг шvтээнээ газар хаяж явсан байна.

Єнєєдєр гэтэл хорвоогийн
Єгснєє авах єдєр болж
Тив дэлхийд хаанаас ч олдохгvй шvтээнийг чинь
Тэнгэр ниргэх мэт аван одлоо.

Одоо болоход энэ єдрєєс ємнє
Орчлонд та хамгийн баян хvн явжээ.
Ерийн эхийн ер бусын хайранд цадаж
Ертєнцєд та хамгийн танхи хvн байжээ.

Тэр хvний дэргэд зовлон бvхэн зовлон биш
Тэр хvнтэй жишвэл гарз бvхэн гарз биш
Єєрєє ч мэдэлгvй жаргаж явсан алтан vе чинь
Єчигдрєєр тасалбар болсон байна.

Ээж … нэгэнт vгvй болсноос хойш
Эд хєрєнгєєр яах юм бэ ? Мєнгєєр яах юм бэ ?
Эхнэр хvvхэд юу юм бэ ? Найз нєхєд юу юм бэ ?
Энэ бvхэн цєм … хэрэггvй санагдана.

Одоо тэр хvнгvйгээр
Орчлон дээр амьд явна гэдэг
Утгагvй зvйл шиг бодогдоно.
Уй гуниг ийнхvv сэтгэл зvрхийг бємбєгддєг юм.

Чухам энд л таны зориг
Чулуу юм уу, шавар юм уу гэдэг нь танигдана.
Энэ гарзыг даасан эсэхээрээ та
Эр хvн мєн биш ээ харуулах болно.

Тэмцлийн хуультай амьдралын орон тоонд
Тэнцэх эсэхийн шалгалт энэ ээ
Ээжийн чинь хэлсэн vг бvхэн
Энэ шалгалтын бэлтгэл байсан юм.

Єнєєдрєєс урагших амьдрал чинь
Амьдрал бус сургууль байсан юм.
Єнєєдрєєс хойш та энэ
Єрх айлын жинхэнэ багана болно.

Эрчилсэн их гашуудал намдаж
Эгшин зуурын цєхрєл арилж
Эргэцvvлж та юм бvхнийг бодно.
“ Эр хvний дотор эмээлт морь багтана “

Ухааран бодвоос юм бvхэн
Урьдынхаасаа vнэтэй санагдана.
Амьдралын жинхэнэ гарзыг хvн
Амсаж байж сая ойлгодог юм.

Бөмбөг (Р.Чойном)

Аз жаргал чи
Алаг бємбєг шиг ойж бууна
Атархан залуугаасаа би
Чамтай хєєцєлдлєє.

Хєлсєє дуслуулж
Хєлєє цуцаанхан гvйж хvрэхэд
Гарын vзvvрээс чи
Ганцхан ойгоод арилна.

Дээр дээр ойно.
Дэндvv хол vсэрнэ.
Дэвхрээд дэвхрээд чамд
Ихэнхдээ vл хvрнэ.

Хэрвээ би амрах гэж
Хэвтэх буюу суух юм бол
Хэзээ ч чи гvйцэгдэшгvй
Хэт хол арилна.

Yvний учир элдэв
Yхэн хатан элдэв.
Наранд саранд элдэв
Насан туршаа элдэв

Чамайг гvйцсэнгvй
Чадал одоо дуусжээ …

Хундага өргөх үг (Р.Чойном)

Эргэж буцахгvйн тєлєє
Энэ хундагыг єргєе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгvйн тєлєє !

Бусдаас дутуу байж илvv гэж
Буруу ойлгоод инээдэм болохгvйн тєлєє
Хєвчин дэлхийн хvчтэнтэй зиндаархах гээд
Хєлд нь vрэгдэхгvйн тєлєє !

Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж єгєхгvйн тєлєє
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгvйн тєлєє !

Товчоор хэлбэл хэн хvнгvй
Толгой бєгс хоёроо солихгvйн тєлєє
Эхний бєгєєд эцсийн
Энэ хундагыг єргєе !

Хэрлэн (Р.Чойном)

Єссєн нутгийн минь дундаршгvй салхи
Єргєн цэнхэр Хэрлэн мєрєн минь
Єнє эртээс єнєєдрийг хvртэл
Єнєр тvмний минь дуулсан дуу юм

Цэцэн хааны нутаг уужим болоод
Цээл сайхан хоолойт дуучин сайтай
Цэцгийн гурван сардаа Хэрлэн мєрєн
Цэнгэлийн сайхан дуугаар цэлэлзэн урсана

Улсын наадам болохуй дор дуу хуур ихсэж
Уяран хайлах сэтгэл, сормуус чийглэн баясана
Урт сайхан Хэрлэн, тэр л дуугаар vерлэж
Урд хойд эргээ даван даван мэлмэрнэ

Алтан намрын хуучаар, гvv тавих цаг
Ая дуу шингэрч ажил явдал ихсэнэ
Амгалан цэнхэр Хэрлэн, усан биеэ татаж
Аянчин олон шувуунд дуугаа хvртээж явуулна


Цастай цагаан євєл, хvний дууг хvлээж
Цантай эргэн дундаа хэрлэн мєрєн саатна
Єнгєрсєн зуны дуу, удаах зунаа хvлээж
Єргєн хєндийд дvvрэн, болор єнгєєр хатуурна


Хvйтэн хvйтнээс айгаагvй, шинэхэн хоёр янаг
Хvслийн дуугаа дуулахыг, хэрлэн мєрєн сонсоод
Идэр есийн шєнє, мєсєє зад тийрээд
Ижийн чанасан цай шиг уур савсуулаад бялхана.

Хүйтэн шөнө (Р.Чойном)

Ганхирсан сэтгэл шиг их талын дунд
Галзуу шуургатай тас харанхуй шєнє
Далайгаасаан тасарсан нэгэн загас шиг
Дассан чамаасаан хол миний нойр хулжив

Гэр дээр єрх дэрвэнэ
Дэр дээр зvрх шимширнэ
Хар будаг шиг хар шєнийн дунд
Шар цэг шиг итгэл минь сvvмийнэ

Єргєн хєнжлийн буланд хохийж
Євєр дотуур салхи сэнгэнэнэ
Єчнєєн бодол од шиг єнгєц
Єглєє болтол хот шиг хол оо.

Морьтон бүсгүй (Р.Чойном)

Залуу насны хорвоогоор зайж явсан миний
Зам мєрийг хєндлєн чагт тавин дарах шиг
Монгол тvмний жавхаа явган надад хvндэднэм
Морьтой нэгэн бvсгvй дайрчих шахаад єнгєрлєє.

Хар суран жолоог тас атгасан бvсгvй
Хасаг ташуур шиг харцаар нvvр ороолгоод єнгєрєв
Хангал тарган морины гучин градус ташааг
Хагас тохой ташуураар зад гуядаад єнгєрєв

Єлмийдvv жийсэн дєрєєнд нь нар тусаад ойхдоо
Єнгє аархал хоёроор хамар сєргєх шиг санагдав
Єндєр хээр морьтны нь давхиа доороос дэгдсэн
Єлєн тоос нь намайг буурал болтол дарав.

Шаавай тєрсєн бvсгvй намжир хаян одохдоо
Шантгардуухан хамраараа нарыг єргєх шиг vзэгдэв
Шар дурдам бvсээр хvрэн торгыг ороосон нь
Шармал алтан цалмаар зvрхийг уургалсан мэт харагдав.

Эрчлэн хийсэх газар морины сvvл хоёр
Эртний дайчин гvрний жанжин туг шиг сvртэй
Эмэгтэй тєрсєн атлаа эр л морийг захирсан нь
Эрцvvл биднийг ялгаагvй унаад гуядсан шиг дvртэй.

Хvрэн торгон дээлийн чинь сэжvvрийг нємєрье гэвэл
Хvvхэн чамайг гvйцэх унаагvй юм шиг байна уу.
Хvлэг цуцах газар шvлэг цуцаа гэж vv
Хvсэл цуцах алсад бие чинь хvрээ гэж vv.

Зvрх минь (Р.Чойном)

Зvдрэл догдлолын хэмжvvр
Зvрх минь чи уучлаарай
Зvйтэй амьдралын зvйгvй єдрvvдэд би чамайг
Зvгээр нэг ч байлгасангvй уучлаарай

Єнєєдєр чи эмнэлэгийн vvдэнд
Євчтєний бvртгэлд нэр бичvvлж
Харь хийцийн цахилгаан багажийн
Хариу хvлээж суух чинь аргагvй ээ!

Yvлэн чєлєєний нар шиг амьдралд
Yздэгээ чи vзлээ ядарлаа
Yй олон учрал тохиол цvнхэлд
Yхчихээгvй чинь их юм.

Газрын єєд єгссєн хvний зvрх нь ядардаг бол
Ганц олдсон нас минь тэр чигээрээ єгсєлт байсан юм чинь
Яруу найргийн дуут єндєр єєд бvх насаар авирсаар
Ядрах чинь тvмэн зєв миний зvрх.

Аюулт дайнд орсон хvний
Атгасан зvрх нь зовдог бол
Амьдрал минь бvхлээрээ тулалдаан байлаа
Алаг зvрх минь зовох нь зєвєє.

Илэрхий магтаалд хvний зvрх хєєрч зовдог бол
Ид насны минь гучин гурван хавар тэр чигээрээ
Иж бvрэн магтаал, алга ташилт, цайллага байсан юм чинь
Ингэж ядрах нь миний зvрхний тvмэн зєв.

Байлдааны сум бємбєгєн дээр
Балталзаж айсаар хvний зvрх євчилдєг бол
Yзэл суртлын бємбєгєєр єдий их бємбєгдvvлсэн миний зvрх
Yхчихээгvй нь их юм євчлєх бага хэрэг.

Зvдрэл догдлолын хэмжvvр
Зvрх минь чи уучлаарай
Зvйтэй амьдралын зvйгvй єдрvvдэд би чамайг
Зvvгээр хатгуулж явсангvйг минь уучлаарай.

Янаглах эрхийн vнэмлэх
Ямар ч хvний урд байдаг гэвч
Миний зvрхийг хайрлаж даахгvй
Хvний хvvхэнд єгч байгаагvйг минь уучлаарай.

Дайсагнаж єгсєн хvндэлж барьсан
Дарсны амт адилхан боловч
Хуурмаг гараас бялдуучлалын дарсыг
Хувь илvv хvртсэнийг минь уучлаарай.

Зvрх минь чамайгаан би нэг ч жаргаасангvй
Зvрх минь чи намайг нэг ч зовоосонгvй
Хорвоогийн vнэнд аргагvй гvйцэгдлээ
Хоёул эмнэлэгийн хаалга татъя даа.

Чойномын нэгэн шүлэг

Хєшиг татсан сэрvvн бороонд
Хєлрєх адил цонхны шил
Усан дуслаар бєнжигнvvлэн
Уйлж байгаа ч юм уу даа

Хєгшид євгийн маань эл хуль нутаг
Хєдєє сумын минь бєглvvхэн тєв
Урьдын бага нас сэтгэлд орж
Уйлмаар ч байгаа юм уу би.

Бороо хураар тэнгэр уйлахуй
Болор шил ч уйлдаг юм уу даа?
Цонхыг уйлахад хvний сэтгэл ч
Цочирдож бас уйлдаг юм уу даа.?

Yvл цонх сэтгэл гурав
Yерлэх усан хэлхээтэй ч юм уу даа!

Амрагтаа (Р.Чойном)

Хамгийн сvvлд гудамжнаа
Халуун нулимсаа унаганхан
*Амаржихаар євдлєє* гэж хэлсэн
Аяархан дууг чинь би сананам

Зангираад гарсан тэр нулимс
Залуудаа эдэлсэн зовлонгийн
Хамаг гашууныг шингээсэн юм шиг
Хачин булингартай байж билээ

Аяархан гоморхосон дуу чинь
Аварга бємбєрцєг бvхэлдээ
Євдєнхєн шаналаж байх шиг
Єр зvрхийг минь зvсэж билээ

Аяа vvнийг чинь би санасаар явнам
Алдрайхан бор нvдэн мину!

Залуу нас (Ренчиний Чойном)

Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину.

Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь
Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй
Yрж явсан залуу нас минь.

Зуны шєнийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мєрєєсєж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Євлийн есийн жаврыг тоолгvй
Єєр хvний авгайд сэтгэл хаяж
Єрхний vзvvр шиг дэрвэж явсан
Єлчирхєн тэнэг залуу нас минь

Даанч чи минь удсангvй…
Даавуу хvрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтvvд шигээ
Дардан зам дээр vлджээ – залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ
Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй
Хvvхэд шиг єссєн залуу нас минь
Хvvхний сайхныг таниа нь vгvй
Хvvрзгэнэ шиг єссєн залуу нас минь.

Ангарайтсан нєхєдтэй vдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.


Аавын хvvгийн шvр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нєхдийнхєє хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгvй
Yvрдийн юм шиг дургиж явахдаа
Yймээнт хорвоогоос дахиад олдошгvй
Yнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч

Хоног тєдий зуурдхан ханилах
Хотын хvvхний єнгєнд хууртаж
Ариухан цусаа тvvний тєлєє
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврvvн шvлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн тєєрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ.

Аяа хєєрхий хvний залуу нас гэж
Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй
Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.

Бусдын лангуунд энэхvv шагналаа
Бутархай мєнгє шиг тарааж хаясаар
Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хvмvvний vр нvцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод єнгєрсєн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.


Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж vзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрvvл мэндийг єгч
Алдар шvлэг хоёрыг чинь авчээ.


Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Нутгийн шороо алт (Намжимын Очирбат)

Нууран дундаа шувууд чуулаад
Нургин хийлэн үймж эхлэв
Нутаг нутгийн залуус дарвиад
Нулимс мэлтрэм дуулан хайлав.

Уран зэллээ мэтгэн дэвсээр
Урин орныг зорих шувууд
Уртын аяндаа тасарч ядан
Уймран ганганах юусан билээ.

Эрхэст тэнгэрт хөөрөх жигүүр
Эхээс төрүүт заяаж өгсөн
Цэнгэг ус нь соронзон адил
Цэрвэн нисэхэд нь татаа юмуу?

Оюун санаа баяжаам сэргэг
Олны үр сад найрсан баясаад
Эрдмийн далайд умбах атлаа
Эргэн хургах юусан билээ

Үйзэн хорвоод нэргүй мэндлүүт
Үрийн ёсоор тосож авсан
Нутгийн шороо алт болохоор
Нууцхан нэгийг шивнээ юмуу?

Аргамжааны чулуу (Т.Очирхүү)

Төө зайгүй хайртай эх орноо санаж
Түмэн бээрийн чанадаас бодол бэлчээн суухад
Таталт сайтай дуран шиг нэхэн дурсах сэтгэлд минь
Танхил багын нутаг нэгд нэгэнгүй тодрох юм.
Өргөн Ширтийн зуслан нүдний өмнө илхэн
Өвст судгийн эхэнд аргамжааны чулуу тодхон
Гучин жилийн тэртээ яг л байсан газраа
Гурвалжин хөх чулуу явсан ч үгүй янзаараа
Хэн нэгний морь аргамжаатай байгаа санагдана
Хэнзхэн ногооны үнэр анхилж байх шиг бодогдоно.
Унаа морио бөхлөхтэйгөө болж дээ хүү минь гэж
Урамшуулж хэлсэн эцгийн үг
Бядгүй балчирхан насны минь бяцхан гарын оромтой цуг
Аргамжааны тэр л чулуунд арилшгүй үлдсэн бий
Ширхэгхэн ганц чулуу нь ч сэтгэлийн угт уяатай
Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морин шиг аргамжаатай
Аргамжааны тэрхэн чулууг тойрон идэшлэх хүлэг шиг
Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй.

1978 он

Эмээл (Тоомойн Очирхүү)

Цэнхэрийн говийн намаржаанд малчин өвгөн
Цэрэгт яваа хүүдээ эмээл төхөөрч байв
Мөнгөн чимэгт эмээлийнхээ ганзага олмыг тааруулж
Мөдхөн ирнэ хүү минь гэж хоног тоолон байв
Албаа хааж дуусахад тавхан сар үлдлээ гэж
Аав нь хүүдээ эмээл төхөөрч байна.
Нэг л өглөө хөтөлгөө морьтой Хонгорын шилийг давна гэж
Нэгдлийн малчин өвгөн инээмсэглэн ярьж байна.
Санаа цайлган ардын маань энхийн сайхан хүслэн
Сайхь тэр өвгөний төхөөрсөн эмээлд байна
Цэргээс ирэх хүүгийн эмээл тохох хүлэг
Цэцэг бүрхсэн талдаа оноотой тарган байна
Эмээл хүлэг хоёр эзнээ хүлээж
Эх орон маань амар тайван байна.
Цэнхэрийн говийн намаржаанд малчин өвгөн
Цэрэгт яваа хүүдээ эмээл төхөөрч байна.

Явлаа даа (Нямбуугийн Нямдорж)

Явлаа даа...
явлаа даа...
явлаа даа...
Яагаад ч сэтгэл минь тогтохгvй нь
Унасан нутгийнхаа хавартай
Учрахаас нааш болохгvй нь
Нарлаг сайхан нутаг минь
Намайгаа гэнэт дурсав уу
Єегшин дассан газраа би
Єєрийн эрхгvй vгvйлэв vv
Яагаад ч сэтгэл минь тогтохгvй нь
Явлаа даа...
явлаа даа...
явлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...
Бухимдсан сэтгэл минь тогтохгvй нь
Бууралхан ээжийнхээ дугараанаас
Булхаж л гарахгvй бол болохгvй нь
Сэтгэлээр сайхан ээжий минь
Сэмхэн намайг дурсав уу.
Уулаас санах ээжийгээ би
Ухаандаа гэнэт vгvйлэв vv.
Бухимдсан сэтгэл минь тогтохгvй нь.
Буцлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...
Харилаа даа...
Харилаа даа...
Харилаа даа...
Хайрхан сэтгэл минь тогтохгvй нь
Халуухан насныхаа амрагтай
Харалцахаас нааш амрахгvй нь
Гэнэхэн насны минь дурлал
Гэнэтхэн намайгаа дурсав уу
Арванхан хэднийхээ дурлалыг
Алагхан зvрх минь vгvйлэв vv.
Алагхан зvрх минь
Хайрхан сэтгэл минь тогтохгvй нь
Харилаа даа...
Харилаа даа...
Харилаа даа...

Чиний дурлал (Б.Явуухулан)

Хавирган сар нэмэн нэмсээр дүүрдэг шиг
Хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм.

Сарны гэрэлд лянхуа навчсаа хумьдаг шиг
Сайхан чиний хайрын илч чинь буураад байх юм.

Өвсөнд буусан үүрийн шүүдэр хийсдэг шиг
Арилах болов уу,

Усанд унасан борооны дусал хатдаггүй шиг
Амьдрах болов уу?

Чиний дурлал.

1958 он

Явуухулангийн дөрвөн мөртүүд

Нүд булаам сайхан өүсгүйг олж хараад
Нэгч үг солилгүй олны хөлд алдах нь
Сайхан санаа сэтгэлд гэнэт сэрхийн ороод
Шүлгийн бадагт үлдээгүйгээс юуны өөр

1956 он

* * *

Жавхаалаг нар огторгуйд мандан гарахлаар
Жаварлаг оддын гэрэл сүлэгдэн уусна.
Түүний адил, онцгой нэгэн дурлалын өмнө
Түрүүчийн бүх шалиглал хайлан замхарна.

1958 он

Туулын урсгал шөнөдөө сайхан (Б.Явуухулан)

Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан.

Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан.

Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуу над аялдагсан
Сөөг моддын нь нэгийг түшин
Шөнөжин сууж би сонсдог сон.

1957 он

Тал нутгийн эзэн бүсгүй (Б.Явуухулан)

Тал нутгийн эзэн бүсгүй

Гурваар дарсан хархан гэзгээ
Газар шүргэм арагш нь хаяад
Алгаар эргэлдсэн хөөрхөн нүдээ
Хацар цоргим нааш нь ширтээд

Танаар бадарсан цагаахан шүдээ
Бахдал төртөл яралзуулан инээж
Галаар төөнөсөн халуухан гараа
Баясал сэргэтэл харамгүй атгуулж

Уулзах болгондоо хайрыг бэлэглэж
Учрах болгондоо жаргалыг авчрагч
Тал нутгийн эзэн бүсгүй чамд
Гал дөлийн хайраар би дурлана.

1956 он.

Алаг дэлхийд төрсөн минь учиртай (Бэгзийн Явуухулан)

Алтан дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алтан дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээхэн үрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч үеэрээ ам бардам хэлүүлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай

1959 он.

Хуучин хүү (Д.Нацагдорж)

Хєдєєгийн байдал шалдар булдар цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бєгєєд дєрвєн зvг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лvгхийм халуун гэрийг шарж, малчин хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар vхрийн баас vргэлжилсэн агаад vvгээр тvvгээр хэдэн тугал оодогнон давхина.Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэг голыг єгсєн уруудан нvvж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхvv ертєнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, єдєр сарыг улируулна. Тэртээ уулыг єнгєрвєл, айлгvй хэмээн бодож , тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ. Єглєє бурханд залбирч, vдэш тэнгэр мєргєсєєр нэг насыг харанхуй манан дотор барна.

Хуучин хvv хул морин дээрээ хєндлєн сууж , хатируулсаар хvрч ирэх бєгєєд цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн vсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ хєлсийг арчиж, нусаа хvрхийтэл нийгээд, гэрт оров. « Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна.Дамба морио эрэх гэж явсан, Гомбо хангай ороод ирсэн» гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга, тарга, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татан єгч, айраг уун, нэг vдийг єнгєрvvлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж єгч гэдэс олж идэн, нэг vдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зvvн хошууны захад хvрсэнгvй, баруун мєрний тэртээ гарсангvй, зєвхєн гурав дєрвєн єртєє эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг vзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч vгээгvv ядуу єнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Євлийн хvйтнийг адуу манаж єнгєрvvлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бєгєєд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нєхцvvлнэ. Єтгєс хуучид энэ хоёрын vгнээс бус vнэн юмгvй, євєлжєє зуслан, хаваржаа, намаржаа энэ дєрвєєс єєр явах газаргvй хэмээн санаж, хємєрсєн тогооны доторхтой адил хєдєєгийн бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертєнцийг vзэхийг vл хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хvv єєрєє бас яахан мэднэ. Хуучны феодал ба лам нарыг гайг мєн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цєм хучин хvvгийн адил нvдээ аньж чихээ бєглєн ертєнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хєндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хєєрхий хєєрхий.

Гэтэл хуучин хvvгийн нэг нєхєр нь хувьсгалын бууг тавьсан єдрєєс эхлэн хємєрсєн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертєнц дээр хамт явах замыг нээв.

Хєх монгол улаан монгол болов.
Хуучин хvv шинэ хvv болов
Юутай завшаан, юутай баяр.

1930 он

Өвчтөний ёолох дуу (Д.Нацагдорж)

Миний нэг нөхөр
Нас гуч илүү
Хуучин өвчинд нэрвэгдээд
Гэрийн мухарт хэвтэнэ
Огт танихгүй хүн болоод
Орон дээрээ дараастай
Ойр хавьд нь хүрмэгц
Ёолох дуу гиншилнэ
Чихнээ сонсоход зэвүүн
Сэтгэлд бодоход сэрчигнэмээр
Зүс царай нь шарлаад
Арьс мах нь хэлхэлджээ.
Толгой хүзүүг хөдөлгөн чадахгүй
Тод үгийг өгүүлэн чадахгүй
Уйтгарт орноо хэвтээд
Үхэх өдрийг хүлээнэ
Эм тангаар хоол хийж
Өвдөх чинэрэхээр зугаа болгоно
Өөрийн бие хайран болоод
Улсдаа бас хэрэггүй болжээ.
Энхрийлж явсангүйн харгай
Эртнээс сувилсангүйн хохь
Эрүүлийг хамгаалахад очсон бол
Ингэж юунд хэвтнэм билээ

1935 он

Өргүй бол баян, өвчингүй бол жаргалан (Д.Нацагдорж)

Жаргалан жаргалан жаргалан
Энэхүү ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан

Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Нэгэн өдрийн амгалан
Мянган жаргалангийн үүд

Өтгөс өвгөд эрүүл бол
Насан бартал амар
Амар байж нөгчвөл
Орчлонд төрсний гавьяа

Жаргалыг хүсвэл
Эрүүлийгхүс
Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс

1935 он

Арван дөрвөн жилийн өмнө ба хойно (Д.Нацагдорж)

Арван дөрвөн жилийн өмнө

Анагаах ухааныг мэдэхгүй
Аюулт өвчнийг сэргийлэхгүй
Асрах сувилахыг чадахгүй
Амь биеийг хайрлахгүй
Өвчтэй хүн мянган хувь
Эрүүлийг хамгаалах нэгэн ч үгүй
Халдварт өвчин түм түм
Хариуцах арга огтхон ч үгүй
Мухар сүсэгт итгэж
Мунхаг харанхуйд залбирч
Өөрийн гай хэмээн
Үйлийн үрд автагдахад
Гүрэм хэнгэрэг хүржигнэж
Хүний үхэл үргэлжилж
Эмийн тун хангинаж
Эдгэх засрах балрагдаж
Ярд баригдсан залуу хүмүүс
Хуучинд нэрвэгдсэн хөгшин хүмүүс
Хижигт эрсэдсэн хүүхэд багачууд
Хөдөө хүрээ нийгэм даяараа
Феодалын суртал униартаж
Боловсон эмнэлэг зүүдэндгүй
Эмгэг зэмгэг хүн бүрд
Өнчин бэлэвсэн өрх тутамд байв
Баян чинээлэг хүн
Эд малаа гарздаад
Буурай ядуу хүмүүс
Гудамж зээлнээ хэвтэв


Арван дөрвөн жилийн хойно нэг үзэхэд

Ардын хувьсгал мандсанаар
Анагаах ухааныг эрхэмлэж
Европын эмнэлэг дэлгэрэхэд
Идэр залуу шуугин гайхалдав
Түмний сүйтгэлийг улсаас гаргаж
Том барилгуудыг байгуулав
Түүний ач тусыг
Ард түмнээр эдлэв
Өвчтэй хүрээд очвол
Угтаж аван эмчилнэ
Өөрийн гэр шиг байлгаж
Удалгүй эдгэнэ
Нүд чих, хамар хоолой
Яр хүйтэн, дотор гадна
Олон зүйлийн өвчнийг
Ялган салган эмчилнэ
Хот хөдөө, ойр хол
Анги салбарыг зохиж
Эрэгтэй эмэгтэй, лам харыг
Сувилан эдгээхийг сайшаах дуу цөөнгүй
Ард түмэн эрүүл бол
Эд хөрөнгө баялаг болно
Эрдэм соёлыг сурч чадна
Эрх чөлөөг хамгаалж чадна
Арван дөрвөн жилийн ялалт
Нүдний өмнө гэрэлтэнэ
Түмэн олны энхийг
Ийнхүү тэмцэн бүтээнэ.

1935 он

Гуанзны хүүхэн (Д.Нацагдорж)

Орой болохын ч үе
Олон чийдэн асахын ч зэрэгцээ
Орос хоолны гуанзны
Онцгой тасалгаанд ормогц өмнөөс хэдэн хүүхэн
“Хүүе яадаг билээ
Та хаалгаа хаачихъя гэм
Хи хи хи” гэж инээлдэнэ
Хоёр гурван ч бүсгүй байна
Хотын залуу ч хүүхэн байна
Шилтэй пивийг зэрэглэж байна
Шилэн хундага гялалзаж байна
Бас нүдээ анилдуулан ирмэлдүүлэн аальгүйтнэ
“Хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ” гэсэнд
мөрөө хавчин, хүзүүгээ ганхуулан
“Айлгүй яахав, айлгүй яахав” гэж
бас дахин “Хи хи хи” инээлдэнэ
Орж суугаад нэгэнт ширвэн ажиглавал
“Хүн хоол идэж байхад
Хараад яасан хүн бэ” гэж
Мөн дахин “Хи хи хи” гэж инээлдэнэ
Хүрэн дурдан дээлийг нарийн бүсээр бүсэлж
Минжин малгай өмссөн
Хүрээний хөөрхөний тоонд ордог нэг хүүхэн
Хөдлөх бүр аальгүйтэх бөгөөд
Харах бүр: “Хи хи хи” гэж нүдээрээ инээнэ
Дараагаар “Чи тэгээд, би ингээд
Тавгаа цаашаа, шаазангаа нааш аа,
Наадах аа уучихъя
Цаадахаа хийчихье
Энэ хүнийг,
Тэр юмыг гэлцэн
Дээгүүрээ түлхэлцэн
Доогуураа нудралцан
Арван таван минутын зуур үргэлж:
“Хи хи хи хи хи” гэлцэн байхад
Басхүү “Хи хи” гэж аальгүйтэж годолзон сууна
Хэнийг хүлээж байгаа хэн мэднэ!

1934 он

Миний хэнз хурга (Д.Нацагдорж)

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
Тэр бид хоёр тоглодог
Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгаадаг

1933 он

Шинжлэх ухаан (Д.Нацагдорж)

Шинэ ёсон мандаж, шинжлэх ухаан дэлгэрэхэд
Шинэ цагийн хүмүүс, шим үрийг нь хүртэнэ
Шашны ном хөсөрдөж шил талд хийсэхэд
Шар хар харгис нар шургачин унаж үхнэ

Бурхны номлол тэнгэрийн ёсыг сонссоор
Бүтэн гурван зуун жил харанхуй нүхэнд унтав
Бодисын ёсны шинжлэх ухаан гэнэт гарч ирэхэд
Буруу зөвийг сая бид ялган танив

Хуучны суртлыг ховх цохиж
Хуурмаг сүсгийг хусан хаяхад
Худал хуцагч лам нар сандран гасалж
Хувхай ширээнийхээ доор дэмий л улина

Бодисын ёсны шинжлэх ухаан бол
Бурангуй ёсыг эвдэгч илд
Бүдүүлэг байдлыг гэгээрүүлэгч толь
Бүх дэлхийн нийгэм журмын нөхөр юм.

1931 он

Шансонет (Д.Нацагдорж)

Опел дугуйдаа мордъё доо
Роща цэцэрлэгтээ очъё доо
Олон хүнийг үзэж
Орчлонгийн сэтгэлийг сэргээе дээ
Туулын хөвөөн дээр зугаалъя даа
Тунгалаг усанд нь умбая даа
Долгио цалгиаг нь хаялуулж
Дуртай хүүхнээ сочооё доо
Завь онгоцонд сууя даа
Жаахан (жахаг) арал дээр гаръя даа
Залуу хүүхнийг сугадаж
Замурын цаагуур оръё доо
Бъюик тэргэнд сууя даа
Пикникийн газар очъё доо
Битүүлэг архийг задалж
Бяцхан хүүхнийг дайлъя даа
Наадаж цэнгэж дуулъя даа
Найрын дунд жаргая даа
Нарийн хөгжмийг дуугаргаж
Наагуур цаагуур нь бүжиглэе дээ
Хад ууланд авиръя даа
Хажуугийн модонд нуугдъя даа
Хайртай хүүхнээ аваачиж
Харганы сүүдэрт үнсье дээ

Хоёр зохиолч (Д.Нацагдорж)

Ваартай цэцгийн хажууд
Бага залуу хоёр зохиолч зугаацан сууж
Пиво хэмээх архиар гэдсээ баясуулан
Бахтай сонин яриагаар сэтгэлээ хөгжүүлнэ.

1930 он

Нууц янаг (Д.Нацагдорж)

Хуралдсан олны дунд учирмагц
Дөрвөн зүг эсрэг ширтэлцэж,
Хоёр сэтгэлийн дотор нэг зэргээр
Зул гэрэлтэж буйг хэн мэднэ.

Хожим өдөр гүн ойн дунд учирч
Сэтгэл зүрхийг хангахад
Гагцхүү хажуугийн цэцэг үзэж
Бид хоёрын зүг инээмсэглэнэ

Эгшин зуур боловч ,
Түмэнтээ бодогдох бөгөөд
Хэзээ ба хаана гэж
Өчүүхэн хоёр зүрх нь өвдөнө

Хоёр бие хэдийгээр
Эрх чөлөөгүй боловч
Сэтгэл зүрх нь хэзээд
Нэг сарны дотор хосолно.

1930 он

Энэтхэгийн бүсгүй (Д.Нацагдорж)

Энэтхэг газрын эрдэнийн хормогчоор доод биеийг чимсэн
Эрүүл сайхан цээжин биеийг ил гаргаж гайхуулсан
Эргэлдсэн хурц нүдээр хүн бүхний дурыг булаасан
Эелдэг зөөлөн аашаар энэхүү ертөнцийг хайлуулсан
Энэтхэгийн залуу бүжигч охин чамтай танилцахыг хүснэ

1930 он

Алс газар сурахаар явагч (Дашдоржийн Нацагдорж)

Алс газар сурахаар очих замд
Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
Өвсний толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд
Үдэн өнгөрөх гацаа, хот цугаар хүний
Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж,
Баяслыг харийн хэлээр уламжлаад
Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
Түүний далайгаас сувд, тана шүүрдэнэ
Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэх зуур
Олон одон жарав, жирэв
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина.

1927 он