2007/06/29

Орчлонгийн дутуу (Шагдарсүрэнгийн Гүрбазар)

Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа

Аавдаа би эрхэлдэг байсан

Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж
Өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан

Ээждээ би эрхэлдэг байсан

Ээждээ би эрхлэхдээ
Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүлгэе гэж
Өвдөг шалбалсан чулууны
Өөрийнх нь уйлахыг үзье гэж
Намайг өсгөсөн өвөөгөө
Холоо явахад нь авчирна гэж
Намрын шувууг буцаахгүй гэж
Нуурын хөвөөнд тоглоно гэж
Ээждээ би эрхэлдэг байсан

Одоо тэгэхнээ

Алтан гадасны од
Аргамжааг буулгахаар
Аав минь явчихсан юм биш байгаадаа
Алга байна

Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүх гээд
Ижий минь ирээгүй юм биш байгаа даа
Эзгүй байна

Мөнх бусын орчлонгийн дутууг бүтэн болгох гээд
Миний хоёр буурал одоо эзгүй байна

Дуртгалын гэрч (Б.Лхагвасүрэн)

Салаа гэзэгтэй хөөрхөн зураг тань
Сайртын горхины толионд байдаг
Би л таньдаг...

Санаанаас гараагүй чанга цовоо дуу чинь
Саргиат хайрханы хаднаас цуурайлдаг
Би л сонсдог

Алаг алаг чулууны бөөрөнд
Алганы чинь хээ байдаг
Миний л гарт тордог

Агьтын хоолойн ягаан ганга
Аалгүй салхинд ганхахаар үнэр чинь гардаг
Би л мэдэрдэг...

Айлын сайхан гэргий болсныг чинь
Аймаг хошуугаараа мэддэг
Би л үнэмшдэггүй...

Буурал ижий минь (Ц.Дамдинсүрэн)

Халх Монголын малчин
Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн
Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж
Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж
Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна.

Энэ бие өсч
Эрийн цээнд хүрлээ
Эр бие чангарч
Хүний зэрэг боллоо
Энд тэнд явж
Юм үзмээр бодогдлоо
Эргүүлж тойруулж бодвол
Хол явмаар санагдлаа.

Сав шимийн номд
Санаа зоригоо хандуулаад
Сайхан төрүүлсэн эхдээ
Салахын ёсыг гүйцэтгээд
Сайн мориндоо морьдож билээ
Салж морьдсон тэр цаг
Санааны дотор илхэн
Сац бас бодоход

Хөрст дэлхийн хөвөөнд
Хөх тэнгэрийн хормойд
Гадаад далайн эрэгт
Гайхамшигт Лениний хотод
Шинэ цагийн сониныг үзэж
Шинжлэх ухааны шимийг хүртэж
Ертөнцийн чанарыг ойлгож авах
Ердийн боловсролыг оролдоно.

Саваагүй холыг зорьсон тул
Сааралгүй эрдмийг хичээх чухал
Аюулгүй алсыг давсан тул
Алжаалгүй номыг үзэх чухал
Эрдмийн хичээлийг эрхэмлэвэл зүй
Энэнийг ганц чухал болгоод
Эхийн сэтгэлийг мартвал буруу
Энхрийлж санах эх минь

Хөвөөрөн харагдах хөндийн амаар
Хөхрөн бүрэлзэх мананы дундуур
Хөндөлсөн байх уулын хөтлөөр
Хөвөлзөн нүүх үүлний доогуур
Өглөө үдэш саравчлан харж
Өдөр шөнө санаашран шаналж
Унтах бүр уулзан зүүдэлж
Сэрэх бүр дурсан ярьж

Арай гэж энэ өдрийг өнгөрөөвөл
Асар удалгүй шөнө хэтрээд
Алтан наран зүүн зүгээс мандаж
Аливааг гийгүүлээд маргааш болно.
Маргаашийн цаана бас маргааш
Өдөр шөнө ээлжилсээр л байна.
Явчсан хүү бас ирээгүй
Буурал ижий минь дурссаар л байна

Байлаа гээд илүүдэх нь бараг
Үгүй гээд дутагдах нь бараг
Ийм л нэг хүн
Энд явж байна.
Хөөрхий зайлуул ижий минь
Хөөршөөж намайг харахлаар
Муу бүгдийг сайн болгож
Муухай бүгдийг сайхан болгож

Эхийн сэтгэлийг мэдсэн юм бол
Эргэж хардаггүй, учир юу вэ?
Эхээ очиж өргөхгүй
Дэмий чалчаад юу хийнэ.
Гэнгэнэж гунганаж суухын оронд
Гэртээ харивал барлаа биз
Эхийгээ очиж өргөвөл
Элбэрэл гэдэг нь тэр шүү

Энэ ертөнцөд хүн гэж төрөөд
Эрдэм сурахгүй тэнэгээр өтлөх үү
Энэ цагт эр гэж өсөөд
Гэрийг сахиж насыг барах уу?
Яршиг төвөг хоёроор
Өөрийн биеийг эрхшүүлж
Мэдэхгүй чадахгүй хоёроор
Хамаг хэргийг мухарлаж

Унтаж идэх хоёрыг
Жаргал болгон эрхэлж
Нүд нуух анилдан
Гэдэс гүзээ цүрдийн
Ууж идэхдээ уургын морь
Урагшаа гишгэхдээ ургаа хад
Ухарч гэдрэгээ уллаж
Улбайж балбайж хэвтэх нэг муухай.

Айл зэргэлдээ олон улсаас хоцрохгүй
Ах дүү түмэн үндэстнээс гээгдэхгүй
Бохир бүдүүлэг ёсоо халахын төлөө
Боловсон чийрэг байдалд дэвшихийн төлөө
Өөрийн биеийг гололгүй
Өчүүхэн чадлыг чамлалгүй
Алд биеийг гамналгүй
Алхайж суун залхууралгүй

Энэ миний хүү гэж
Олны сүрэгт оруулаад
Энхрий миний үр гэж
Улсын зэрэгт явуулаад
Хaйрлах гэж тэвэрч суулгүй
Халдаж чангалж сургаад
Хал үзүүлж хашир болгох
Харьд явуулж догь болгох нэг чухал.

Зуун уулыг давж
Мянган усыг гатлаад
Энэ газар суухдаа
Эхээ дурсан санагалзахыг
Буруу гэж хэлэх үү та?
Буц харь гэж болох уу та?
Ахин дахин бодохлоор
Аргагүй учир ийм шүү нөхөр минь!

Ачит буурал ижий минь
Амраг үрээ дурсан байж
Амьсгал санаагаа алдан байж
Алаг нүдээ анин харан байж
Ариун тунгалаг нулимсаа унагаадаг бол
Алимд түүний дусал бүр
Алсад суугаа миний зүг
Аршаан болон цацраг даа.

Хайрт буурал ижий минь
Харьд яваа хүү чинь
Хамаг сайхан юмыг
Ханатал үзэж явна даа.
Энэ газар над
Элдэв зовлон байхгүй
Энхрий хүүгийн төлөө
Эх минь битгий зов доо.

Үсний өнгө ялгавартай боловч
Үйлс явдал ялгаваргүй
Үг хэл ялгавартай боловч
Үзэл зорилго ялгаваргүй.
Энэ их оронд
Элдэв үндсэний хүмүүс
Эзэн хүн мэт алхалж
Эрх жаргалаар амьдарна.

Олны гяндан болсон
Орос орныг хувилгаж
Ард түмний эзэмших
Ажлын ордон болгожээ.
Жаргалын энэ ордонд
Соёлын наран мандаж
Уужим болоод гэрэлтэй
Улам хөгжих замтай.

Эдний хийсэн юмыг
Эзэрхэг ноёд булаахгүй
Хийсэн ажилд тохируулан
Хэмжээ зүйгээр хувиарлана.
Энэ сайхан газарт
Эрдэм сурч яваа минь
Эрхэм дээд аз гэж
Эх минь анхаарч мэд дээ.

Ах дүү минь хүндэлнэ
Амраг нөхөд минь асарна
Хөнжлий чинь дэлгэнэ, дүү минь
Хөлий чинь хучна, бэргэн минь
Өнөө маргааш гэж яаралгүй
Өег тавтайгаар бодож
Санаа амар сэтгэл тэнийж
Бие амар хөл жийж

Тал сайхан нутагтай билээ
Тамсаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ
Өвгөн настан эцгийнхээ
Өмөг түшигт өссөн би
Өнөр буурал ижийнхээ
Өршөөл хайрд хүмүүжсэн би

Залгамж хойд үе байна
Залуу халуун нас байна
Хуучин балраа орхиё гэж
Хувьсгалт ажилд оролцъё гэж
Зориг бүхнээ шийдээд
Жолоо юугаа атгаад
Агуу санаа сэдээд
Алсын моринд дөрөөлөөд

Саран мэт тодхон
Саяхан мэт санагдавч
Сар өдөр өнгөрсөөр
Санамсаргүй жил боллоо
Өргөн талд өссөн би
Үдшийн гэгээг чиглээд
Ази тивд төрсөн би
Алс хойтод зориод

Наргүй өдөр бүрэнхий
Саргүй шөнө харанхуй
Эегүй нөхөр яг
Эрдэмгүй хүн таг
Эцгийн минь сургаал тэр
Өвгийн минь гэрээс тэр
Эрхэм сургаал үүнийг
Эндэлгүй дагахаар

Үр нь гэсэн намайгаа
Үнэн сэтгэлийн үүднээс
Үргэлж санадаг байдлыг
Үлгэрлэж гаргаж хэлэхэд
Хөвүүн болон заяасан
Хөөрхий тэр үр минь
Хүрээд ирэх болов уу гэж
Хүсэн санаж эрмэлзэж

Зажилсан хоол шимтэй болбол
Тавагтаа үлдээж
Балгасан цай амттай болбол
Данхандаа хоцроож
Санан санан сар өдрийг тоолж
Бодон бодон болзоо хугацааг хэмжиж
Уулзсан бүгдээс сураглан асууж
Учирсан бүгдэд хүсэмжлэн ярьж

Ингэж ихээр санадаг
Тэгж ихээр хүсдэг
Тэр хүн нь аль вэ?
Аваад үзье, хар даа
Алд хүрэхгүй хэмжээтэй
Атигар бага биетэй
Суу залиар сулхан
Сурсан эрдмээр дульхан

Тагжгар туранхай биеий минь
Тантайчсан тарган гэх
Дахлай хөх нүүрий минь
Мантайчсан цагаан гэх
Задгай үгийг ингээд нурштал
Зарим таньдаг нөхдийн хэлэх нь:
За яршиг нөхөр гуай
Завхай үгийг бүү донгос!

Үгүй! Нөхөр, учир байна.
Үнэнийг хэлэлцье нягтаар
Үнэмшиж чагнавал над хэрэг
Үргэлжлүүлж бодвол хэнд ч хэрэг,
Аавын бийд хүнтэй танилцах
Агтны бийд газар үзэх
Эд хураахаар эрдэм сурах
Эртний мэргэдийн сургаал биш үү.

Эхнэрээсээ ондоо хүнтэй танилцалгүй
Эмээлээсээ өндөр даваа давалгүй
Айлаасаа бусдын үүдийг таталгүй
Ахаасаа бусдын занг мэдэлгүй
Гэдийж суун хэлхийж
Хойшоо суун холхойж
Хуучнаа баримтлан үхширч
Яг баримтлан ягширч

Эхээс үр хүүхэд төрсөөр
Үрээс үүд өрх үүссээр
Хүн нь зон болж яваа
Хүлэг нь сүрэг болж яваа
Өнөр сайхан монгол үндсээ хөгжүүлж
Өргөн сайхан эрх чөлөөгөө бадруулж
Өтгөн сайхан мал сүргээ өсгөж
Өн сайхан нутаг усаа эзэмшиж

Аль байдаг чадлаар чармайж
Арга ухаан бүгдээ нэмэгдүүлж
Олон нөхдөө хөгжөөн уриалж
Олон түмний төлөө зүтгэх нэг чухал.
Үрийг хүмүүжүүлэх ачит эхээ
Үүрдийг уламжлах алтан хэлхээ!
Түмд төлөө нэмээд
Төрд үрээ нэмээд

Ийм ийм учруудыг
Илэрхийлж бүгдийг хянавал
Ингэж миний яваа нь
Илүү ч биш зөвтэй.
Эхийн санаа үрд
Үрийн санаа ууланд
Уулын цаана ус
Усны цаана уул

Элдэв газар тэнэсэн
Элбэрэлт багат миний хүү
Энэ мэт гайхаш тасарч
Эхээ дурссан санаа
Цал буурал ижийгийн минь
Цаглашгүй мэнэрсэн сэтгэлийг
Цайг сүүгээр сүлэх мэт
Цаг зуурам ч баярлуулах болоосой.

Асралт ижий минь ээ, хүү чинь
Аль нэгний зарц болж яваа биш
Арван шар цай олж ядаж яваа биш
Ардын төлөө чин санал барьж
Амгалант сайн цагийн босгыг алхаж
Алдарт гэгээн оронд эрдмийг суралцаж
Амар мэнд яваа учрыг минь мэдээд
Ай хөөрхий ижийн минь гуниг арилах биз.

Эндхийн хүн намайг
Эцэг эхийн адил
Элдэв зүйлд тэтгэж
Эрдэм номд сургана.
Үзэх сургууль сонин
Үеийн нөхөд олон
Үндэс бүрийн хүний
Үр хүүхэд бидний

Харгис хуучны ёс бол
Хайлах цас мэт устаж байна.
Хамгаар эрхт ёс бол
Хаврын цэцэг мэт дэлгэрч байна
Ачит Ленин багшийн
Асар мэргэн удирдлагаар
Ажилчин тариачин нэгдэж
Арга хүчийг хавсарч

Нийт хүн бүгдээр
Нэг гэрийн ах дүү мэт
Нийлж ажлаа бүтээх
Нийгэм журам тогтжээ.
Идэвх зоригт баатрууд
Их ажлыг бүтээгээд
Илтэд үрийг үзэж
Инээх баясах хосолно.

Азтай хүү би чинь
Алс газар сууж байна
Ах дүү хоёр минь
Амраг эхээ өргөж байг
Миний бие эзгүй ч болов
Миний нөхөд үлдсэн
Эрвэй би эзгүй ч болов
Эх янаг чамайгаа

Жаргал эдэлж амар суу даа
Жирийн янзаар тайван бай даа
Жил болж чөлөө тавих цагт
Жиг нэг болж би нэг харих шүү, ижий минь.
Цаг улирлын дулаарахад
Цас мөсний хайлахад
Харьсан шувуу ирдэг
Явсан хүн эргэдэг
Хатаж хоцорсон өвс ногоо
Нар чийгээс амьдран ургана
Хагацаж явсан эх хүү
Баяр цэнгэлээр уулзан золгоно.
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтээд
Хэлсэн үг ёсчлон болоод
Уулзсан цагт өлзийтэй болтугай!
Учирсан хойно жаргалтай болтугай!

Хоёр настай Ро (Цэндийн Дамдинсүрэн)

Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн

Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй

Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй

Ариун тунгалаг ухаантай
Аз завшаан ихтэй
Алив хүсэл нь бүрдсэн
Амраг хөөрхөн дүү минь

Ангаахайн чинээ амандаа
Алим үмхээд бувалзана
Аягын чинээ гэдсээ
Амтат жимсээр дүүргэнэ

Толинд байгаа дүрстэйгээ
Тоглон инээн наадна
Тохойн чинээ биеэрээ
Бүжиг хийх гээд дэвхцэнэ

Аятай харагдсан бүгдийгээ
Ай е е гэж дуудна
Аав ээжээ харахдаа
Ааваа, маам аа гэж байна.

Балга хүрэхгүй шөлийг
Барж ядан ууна
Үмх хүрэхгүй махыг
Үлтэлж ядан иднэ

Үдээс үдэш болтол Text Box:
Үүргэлж бүр ядарчихна
Үргэлж юм оролдсоор
Нойр нь бүр хүрчихнэ

Тэнд энд гишгэсээр
Тэнтэр тунтар явна
Тэвдэж яарч явсаар
Тээглэж бүдэрч ойчно

Бөгтөгнөж байгаад мөлхөнө
Бондгонож байгаад босно
Муу муу гээд заана
Хош хош гээд хараана

Боргоцой гараа сарвайгаад
Боов боов гэж бархирна
Өгөхгүй бол уйлж гарна
Уйлаад унжаад ирэхлээр

Нүүр нь улайн үрчийгээд
Нүд нь онийн гурвалжилаад
Нулимс нь ундран дуслаад
Нус нь бөнжигнөн гоожоод

Бий чадлаа шавхаад
Бияа бияа гэж бархираад
Аав ээжээ маажлаад
Аргадаж авахыг горьдоно

Эрээн мярааныг харуулбал
Ингэж уйлахаа больчихно
Ээж нь аваад аргадвал
Мээмээ хөхөөд тайвширна

Тохойн чинээ биетэй
Ханцуйн чинээ дээлтэй
Бээлийн чинээ малгайтай
Балчир нялх дүүгийн минь

Аавдаа алт болсон
Ээждээ сувд болсон
Энхрий булбарай бие нь
Эсэн мэндээр хүмүүжиг

Бага жаахан бие нь
Батжин сайнаар торниг
Бадамлянхуа цэцэг мэт
Бадран сайнаар дэлгэрэг

Ай хөөрхий Ро минь
Эрэгтэй хоёрын дээр
Эмэгтэй гурвын хамт
Тааруухан таван дүүтэй болоорой

Хуучин цагийн сүүлд
Хувьсгалт цагийн эхэнд
Харанхуй үеийн өнгөрөхөд
Гэгээн замын нээгдэхэд

Тохиолдож төрсөн зол байна
Олны үзэх гайхамшиг байна
Эрдмийг сурах завшаан байна
Энхжин жаргах заяа байна.

Арвидах шинийн сар шиг
Дэлгэрэх хаврын цэцэг шиг
Өдөр бүр өсөж байгаа
Цаг бүр чадалжиж яваа

Эрхэм янаг дүүдээ
Захих захиа, хэлэх үг
Заах сургаал, бэлэглэх ерөөл минь
Арав шахам наснаасаа

А, Б гээ холбосоор
Ахих шатаа дамжаарай
Арав тавыг нийлүүлсээр
Дөхөх замаа олоорой

Бэх цаас учруулсаар
Бичгийн эрдмийг сураарай
Эрдэм ажлыг хосолсоор
Эрхэм гавъяаг байгуулаарай

Хоёр хүрээгүй нялхдаа
Туурайт морины давшгүй
Тураг шувууны дэвшгүй
Түмний газар хүрчиж дээ

Гар нь ганзаганд хүрвэл
Гадаад далайг туулах байх
Хөл нь дөрөөнд хүрвэл
Хөрст дэлхийг тойрох байх

Ээ хөөрхөн Ро минь
Аэропланаар энд тэнд нисэж
Галт тэргээр газар бүр зугаацаж
Газар усны гайхамшгийг үзээрэй

Түүнээс Монголдоо буцаж
Төв журмаар явж
Түвшин голомтыг байгуулж
Түгээмэл ихээр жаргаж

Таван ханатай гэр барьж
Тал дүүрэн мал билчээж
Зуун адуу ууландаа хурааж
Мянган хонь гаднаа хотлуулж

Тогоо дүүрэн сүү хөөрүүлж
Торх дүүрэн өрөм хурааж
Суулга бүгддээ тараг бүрж
Сав бүгддээ аарц шүүж

Шинэ ааруул хүүдийгээр гаргаж
Шилдэг айраг хөнөгөөр сөгнөж
Шимийн архи аягаар бялхуулж
Шингэн зөөхий хувингаар уудалж

Аав ээждээ өргөн дэвшүүлж
Ах дүүдээ өгөн хүндэлж
Халуун зуураа найрлан цэнгэж
Харь олныг зочлон хуримлаж

Эцэг өвгөдийн сайшаалыг сонс
Эмгэд хөгшдийн ерөөлийг дуул
Ард олондоо их тус бол
Амар жаргалыг ихээр эдэл

2007/06/22

Сэрж амжаагүй зүүд (Б. Батчулуун)

Сэтгэлдээ тээж зүрхэндээ бөөцийлсөн
Зүүдэндээ жаргаж сэрэхдээ зовсон
Гунигт аялгуу болж надад үүрд шингэсэн
Худал бүхний өмнө үнэн болж шаналсан

Энэ миний сэрж амжаагүй зүүд
Энэ миний сэрүүн зүүдэлсэн хайр
Энэ миний дахиж үзэхгүй жаргал
Энэ миний алдагдсан жаргалтай зүүд

Хүслийнхээ эрхэнд хяслан болж алхалсан
Хүний жаргалд атаархан байж уйлсан
Амьдрал гэдэг азын сугалаанд хожигдсон
Ахин тохиохгүй хос од бидэн хоёр

Энэ миний сэрж амжаагүй зүүд
Энэ миний сэрүүн зүүдэлсэн хайр
Энэ миний дахиж үзэхгүй жаргал
Энэ миний алдагдсан жаргалтай зүүд

Ариун хайранд зовлон сүүдэртсэн
Алаг эрээн өнгөнд дандаа хууртагдсан
Алдсан амьдрал эргэж хорсол болж буцалсан
Аз жаргалын хараацай даль жигүүрээ хугалсан

Энэ миний сэрж амжаагүй зүүд
Энэ миний сэрүүн зүүдэлсэн хайр
Энэ миний дахиж үзэхгүй жаргал
Энэ миний алдагдсан жаргалтай зүүд

Нэг л мэдэхэд чи саятан (Батсайханы Батчулуун)

Ахиад олдохгүй арван найман нас
Нүд ирмэхийн зуур өнгөрөн одно
Нэг л мэдэхэд нэгийг сугадаад хэнэггүйхэн алхална
Амьдрал гэдэг амар юм шиг ам мэдэн томорно

Тэгэхдээ бүү тэнэгтээрэй
Амьдрал гэдэг амар биш шүү
Сайн тунгаах юм бол алзахгүй ээ

Хэрвээ чи насанд хүрсэн бол архийг ууж үз
Хэрвээ чи хүсэх юм бол тамхийг хэрэглээд үз
Хэрвээ чи эхнэргүй бол хүүхнүүдтэй найзлаарай
Хүнтэй суухаасаа өмнө бүгдийг үзээрэй

Тэгэхдээ бүү хэтрүүлээрэй
Амьдрал гэдэг богино шүү
Сайн тунгаах юм бол алзахгүй ээ

Хэрвээ чи хүнтэй суусан бол ханиа бүү зовоо
Хэрвээ чи өнөр бол үр хүүхдүүдээ халамжлаарай
Наян насыг насалсан юм шиг амьдралын ухаанаар
Залуу насаа үдэх юм бол нэг л мэдэхэд чи саятан

Тэгэхдээ бүү сагсуураарай
Ямар байснаа байнга санаад
Ядарсан хүмүүст туслахыг хичээгээрэй